

Бусад
© 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан
E. Munkhdari
Трамп ард иргэдийг нь эмчлэх эмнэлгийн хөлөг онгоц илгээх санал тавьсныг Гринландын тал хүлээж авсангүй

Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд арлыг сонирхох АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонирхол буураагүй байгаа бололтой.
Өчигдөр тэр Гринландыг хариуцуулахаар томилсон тусгай элч Жефф Ландригийн хамт өвчин зовлондоо баригдсан тус арлын ард иргэдийг эмчлүүлэхээр АНУ-ын армийн эмнэлгийн хөлөг онгоцыг илгээх гэж байгааг сошиал хуудсаараа мэдэгдсэн юм.
Трамп уг мэдэгдэлдээ АНУ-ын армид байдаг эмнэлгийн хоёр хөлгийн нэг USNS Mercy хөлгийн зургийг хавсаргажээ.
АНУ-ын ерөнхийлөгч яагаад ийм санаа гаргасан нь тодорхойгүй байна.
Тэгвэл Гринландын засгийн газрын ерөнхий сайд Йенс-Фредерик Нилсен түүний саналд татгалзсан хариу өгчээ.
“Таны саналыг сонслоо. Гэхдээ манайх бүх иргэдээ үнэ төлбөргүй эмчилдэг нийтийн эрүүл мэндийн системтэй. Энэ нь эмчид үзүүлэхэд мөнгө төлдөг АНУ-ын системээс ялгаатай” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Гринландын хариу “үгүй, баярлалаа” болохыг Нилсен ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр цааш нь бичихдээ Гринландын хувьд АНУ-тай хамтран ажиллахад нээлттэй, гэхдээ асуудлыг шууд ярилцдаг байхын чухлыг онцолсон байна.
“Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэнэтийн шуугиан тарьж байхын оронд бидэнтэй шууд харилц” гэж тэр АНУ-ын ерөнхийлөгчид зөвлөжээ.
Гринландыг булаан эзлэхээр сүрдүүлдэг байсан Трамп өнгөрсөн сард Давосын чуулганы үеэр Европын холбоотнуудтайгаа уг асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх болсноо зарлаж байв.
Үүнээс хойш нэг сар орчим хугацаа өнгөрсөн ч ямар нэг ахиц дэвшил харагдахгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC