

Бусад
© 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан
E. Munkhdari
УИХ-ын гишүүн бусдыг доромжилж, гүтгэвэл хариуцлага хүлээнэ

УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг буруу ойлголт бий. Хуультай улс хойно хариуцлага хүлээх ёстой. Харин хариуцлага хүлээлгэхийн тулд гүтгүүлсэн, доромжлуулсан хүмүүс нь шүүхэд хандаж, шийдүүлэх хэрэгтэй. Шүүхээр УИХ-ын гишүүн бусдыг гүтгэсэн, доромжилсон нь тогтоогдвол УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой. Үндсэн хуулийн цэц ч шийдэх заалттай.
УИХ-ын тухай хуулийн 41.2 дахь заалтыг харъя.
41.2.Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.
Дээрх хуулийн заалтаас “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд…” гэдэг хэсэгт анхаарлаа хандуулъя. Энэ заалт УИХ-ын гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхийг хориглосон агуулгатай юм.
Тиймээс УИХ-ын гишүүд ч тэр энэ хуулийн заалтыг мэддэг, хэрэгжүүлдэг байх ёстой. Чуулганы танхимд бусдыг доромжлоод, бүр алуурчнаар нь хүртэл дуудсан явдал гарсан.
УИХ-ын гишүүний тангараг
"Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө.