header

Бусад

    undefined. undefinedundefined

    10-11-2026 16 цагийн өмнө
    ·Эргэлтийн цэг

    Б.Хүрэлбаатар: “Хүн дуртай юмаараа ажиллахад ядраад байдаггүй”

    image


    “Гэрэлт урсгал” компанийн захирал Б.Хүрэлбаатар 1980-аад онд төрийн бодлогоор Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд хотын захаас элссэн анхны хүүхдүүдийн нэг аж. Тэрээр хүнд машин механизмын инженерийн мэргэжилтэй бөгөөд өөрийгөө бизнес эрхлэгч гэхээсээ илүү инженер гэвэл “үнэнд дөхнө” гэж ярилцлагынхаа үеэр хэлсэн юм. Түүний компани 2003 онд байгуулагдсан цагаасаа хойш улс даяар 1000 гаруй урсдаг шат, лифт угсарсан ба өдгөө “Гэрэлт урсгал” компани нь Ерөнхий инженер Б.Хүрэлбаатараар удирдуулсан 20 гаруй ажилтан бүхий чадварлаг хамт олон болжээ.

     

    -“Гэрэлт урсгал” үйл ажиллагаагаа эхлүүлсэн 2003 оны бизнесийн орчныг өнөөдрийнхтэй харьцуулахад хэр их өөрчлөлтөд орсон гэж та боддог вэ?

     

    -Тэр үед хэцүү байсан. Гэхдээ залуу болохоор хэцүү гэж боддог байгаагүй. Угаасаа хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэдэг шиг шалтаг хайлгүй ажилласан даа. Эхнэртэйгээ хамжаад лифт угсрахын дайтай юм болдог байлаа шүү дээ. Тийм учраас манай компанийн түүх манай эхнэртэй салшгүй холбоотой. Бид хоёр хийсэн юмаа үзэж, засаж янзлаад байнга хамт явдаг байлаа. 2000 оны эхэнд урсдаг шат гэж байгаагүй. Тэгээд инженер мэргэжилтэй учраас урсдаг шатны талаар энд тэндээс судалдаг, Орос, Хятадад курст сууж байсан. Ингээд нэг хүн захиалсны дагуу манайх Монголын хамгийн анхны урсдаг шатыг хийж байсан түүхтэй.

     

    -Байгуулсан компаниа ажиллуулаад явахад хэцүү үеүд их таарна байх. Тэр үеүдийг яаж даван туулдаг байсан бэ?

     

    -Хүн өөрөө бусдад хүнлэг хандаж, худлаа хэлэлгүй шударгаар яваад байвал аяндаа реклам, зар сурталчилгаа хэрэггүй болдог. Хүмүүс чиний бизнесийг өргөөд өгдөг. Хүмүүсийн дунд өөрөөрөө л байх хамгийн сайхан шүү дээ. Заавал нэг дарга, захирал гэхгүйгээр. Хүмүүстэйгээ адилхан дунд нь ороод, ажилтайгаа хутгалдаад л явна. Хамгийн гол нь юмыг яг байгаагаар нь ярих. Асуудлаа хүнтэй нийлж байгаад шийдэх чухал. Гаргалгаагаа зөв гаргах. Манай эхнэр бизнесийн гаргалгааг олохдоо их сайн, маш ухаантай хүн байсан. Ер нь бизнес гэдэг нэг талаараа мөнгө ч гэсэн нөгөө талд бизнес хийгээд ч мөнгөөр худалдаж авахгүй юм асар их байгаа. Алдсан нэрээ мөнгөөр босгож ирнэ гэж байхгүй шүү дээ. Худлаа яриад, хулгай зэлгий хийсэн бол мөнгө яаж ч туслахгүй. Яах вэ үнэхээр хэцүү үе хэзээ байсан бэ гэвэл 2008 онд гарсан эдийн засгийн хямралын үе, 2020 онд цар тахал гарсан үед хайртай хань ижил, ээж аавыгаа алдах их хүнд тусаж байсан. Мөнгөөр худалдаж авч чадахгүй юм гэж зөндөө байдгийг ойлгуулсан даа.


    -Тэгвэл таны туршлагаар заавал амжилт, ашиг ярихгүй юм аа гэхэд бизнесийг тогтвортой байлгадаг зүйл нь юу вэ?


    -Нэгдүгээрт, мэддэг чаддаг юмаараа бизнес хийх хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс хаана ашигтай юм байна, тэрийг дуурайх гээд байдаг. Хоол хийж чадахгүй, хоолны тухай юу ч мэдэхгүй байж гуанз нээвэл хэцүү биз дээ. Тэрэнтэй л адил. Хүн бүрд байдаг тэр авьяас, чадвараараа л юм хийх хэрэгтэй. Дээрээс нь дараагийнхаа үеийн хүмүүстэй “би мэднэ” гэж харьцаж болохгүй. Гол нь удирдагч хүн хүний санааг дэмжээд, хэлснийг нь ойлгох маш чухал. Заавал удирдагч байхдаа ч биш. Ингье, тэгье гээд ажилдаа санаа тавьж байгаа хүнтэйгээ зөв харьцах хэрэгтэй. Яаж ч бодсон нэг толгойноос 10, 20 толгой илүү ажиллана. Тийм болохоор ажилтныхаа үгийг сонсохгүй зөрөөд байвал ажил ч урагшлахгүй. Ер нь тэгээд хийж байгаа ажлаа хэтэрхий бизнесжүүлж яриад байх онцгүй.

     

    -Таны бодлоор хүмүүс бизнес хийх талаар огт төсөөлдөггүй хэцүү зүйл нь юу байдаг вэ?


    -Ер нь үргэлж л асуудал дунд явж байдаг. Нэг лифт угсраад явдаг. Араас нь хэн нэгэн очоод эвдлэх тохиолдол олон байна. Эсвэл тог цахилгааны асуудлаас болоод эвдэрнэ. Тэгэх бүрд буцаад бид нар луу л хандана. Бид нар ч очоод засаад л өгдөг. Энэ мэтчилэн хүмүүстэй хамтраад явахаас өөр сонголтгүй. Байрны лифт гэдгийн цаана СӨХ гэдэг хүмүүс л ажиллаж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн эвийг нь олж ажиллана. Мөнгөтэй мөнгөгүй янз бүрийн СӨХ байна. Мөнгөгүй гээд засахгүй орхиж болохгүй. Тэр лифтээр хүүхэд, хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй гээд олон хүмүүс орж гарна. Тэгэхээр хаяад явж болохгүй.



    -Ингэхэд та ажилдаа юунаас хамгийн их кайф авдаг вэ?


    -Мэдээж хийсэн юмнаасаа байлгүй яах вэ. Ном журмаар нь зөв хийсэн юм маань 10, 20 жилийн дараа ажиллаж байгааг харах их сайхан шүү дээ. Гэхдээ би хийсэн юмаа сайрхаж ярих дургүй. Хамгийн гол нь Хүрлээ ах гээд нэг хүн насаараа энийгээ хийж байгаа даа, ийм юм хийдэг байсан гээд хүмүүс мэдэж байх л надад үнэлгээ болно шүү дээ. Нэр алдар гэдэг хүн зөв явсныхаа дүнд авдаг байх ёстой. Хамгийн гол нь хүн дуртай юмаараа ажиллахад ядраад байдаггүй. Ажилдаа сайн, сонирхолтой байдаг бол тэгнэ шүү дээ. Тийм учраас ажлаа хийсний дараах амт гэдэг их гоё байдаг. Хотын хаана ч явж байсан, хийсэн ажлаа олж харахад их кайф авдаг шүү. Уяач хүн уясан морь нь түрүү авахтай адилхан гэх үү дээ (инээв). Тэгэхийн тулд өөрөө ажилтайгаа хутгалдана. Би инженерийн компанийн захирал атлаа ганган хослол өмсөөд оффистоо суугаад байж болохгүй. Өөрөө ажлын талбай дээрээ очно. Өөрөө зураг төсөл дээрээ сууна. Хийх гэж байгаа юмныхаа учир зүйг нь олно. Тооцоог нь яаж хийх тухайгаа ярилцана. Тэрийгээ ойлгоно. Тэрийгээ юм болгосны дараа барилгын хийц рүүгээ орно. Архитектороос нь авхуулаад бүх хүмүүстэй нийлж ажиллана. Энэ дунд болохгүй байсан юмыг болгоно. Энэ бас л юугаар ч сольшгүй кайф байдаг.

     

    -Таны яриаг сонсоход зөв явбал сайн юманд хүрнэ гэдэг бодолтой юм шиг санагдлаа. Зарим хүмүүс өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлыг хараад үүнтэй огт санал нийлэхгүй байж магадгүй.

     

    -Бид нарын хувьд дандаа бизнес яриад байж болохгүй. Бидний хийж өгч байгаа энэ үйлчилгээний цаана дандаа хүн байдаг. Оршин суугч, орон сууцын контор, СӨХ гээд хүмүүс байдаг. Тийм болохоор цэвэр ашгийн төлөө яваад байж болохгүй. Эвдэрвэл адаглаад хэл аманд өртөнө. Тийм учраас миний баримталдаг зарчим бол зөв яваад байвал ямар нэгэн зар сурталчилгаа хэрэггүй. Нөгөөтээгүүр манай компанид дандаа техникийн мэдлэгтэй хүмүүс ажилладаг. Бүгдээрээ техникийн өндөр мэдлэгтэй сайн инженерүүд байдаг. Тэдэнтэй үг хэлээ ололцохын тулд ахуй орчин, амьдралын нөхцөлийг нь сайн байлгах ёстой. Олсон юмаа хуваах хэрэгтэй. Тэр хүндээ гологдохгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй өөрөө юу ч мэдэхгүй байж дарга нэртэй очоод хий гээд загнаад байвал бүтэхгүй. Нэмээд би чаддаг, мэддэг юмаа хийж байна. Гэхдээ манай бизнес нэг их ашигтай гэж хэлэхгүй ч орлоготой бизнес бол мөн (инээв).
     

    -Таныг зөвхөн бизнесмен хүн гэж яриад байх оновчгүй байх.

     

    -Би бизнесмен хүн биш. Намайг инженер хүн гэвэл арай үнэнд ойртоно (инээв). Надад ашиг харахгүй хийсэн ажлууд их байдаг. Тэр нь олон жилийн дараа ондоо юмаар нөхөгдөөд орж ирдэг. Нэг хүн “Ах аа, би нэг компани нээгээд хүнд байна, лифт авчраад өгөх хүн байдаггүй ээ. Надад одоо мөнгө байдаггүй, яах вэ” гэвэл би эргэлзэх юмгүй “Ах нь лифтийг нь угсраад өгье” л гэдэг. Яагаад гэвэл би юмнаас хойшоо суух дургүй. Болохгүй байгаа юмыг нь болгоод өгье л гэж боддог. Тус авсан тэр хүн угаасаа бэрхшээлийг даван туулахаар надтай насан туршдаа ах дүү болоод явдаг. Энэ мэтчилэн олон жил хамтарч байгаа компаниуд олон байдаг. Надтай ажиллаж байгаа ажилтнууд маань ч гэсэн намайг “дарга аа, захирал аа” гэж дуудахгүй. Сайхан ах дүүс хамт ажиллаж байгаа юм шиг л байдаг. Бас би их зоригтой, юмнаас айгаад байдаггүй. Цэрэг байж үзсэнтэй холбоотой ч байж магад. Аймхай хүнд амжилт ирдэггүй гэж үг байдаг. Тэгээд дандаа мэргэжилтэй, чадвартай хүмүүсийг удирдахын тулд өөрөө хичээдэг. Өөрийгөө байнга хөгжүүлнэ гэсэн үг. Ер нь хүн хөгжихөө болиод, хөдлөхөө болихоор л дуусгавар болж байгаа юм. Цаг үргэлж урагшаагаа давшилж байх хэрэгтэй. Тэгэхгүй би хөгширсөн, би өвөө болсон, би ингэж чадахгүй гээд байвал чадахгүйгээрээ л дуусна.

     

    -“Гэрэлт урсгал” компанийн ирээдүйг та хэд хэдэн жилээр төлөвлөсөн байгаа вэ?

     

    -Дор хаяж 10 жилээр бол хардаг. Лифт үйлдвэрлэл, угсралтын дараагийн очих цэг нь лифтний засварын газар байдаг. Манайд засварын газар байгаа. Гэхдээ томсгож, өргөжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй лифт угсардаг гэсэн мөртлөө ганц токарийн машингүй, ганц суурь өрөмгүй, ганц прессгүй байх тохиолдол байна. Тэгж болохгүй. Угаасаа ч лифт угсраад, барилгажилт дуусахаар засвар үйлчилгээ л гол асуудал болдог. Тийм учраас хийсэн юмаа янзалж чаддаг хүнээр л ажлаа хийлгэсэн нь эргээд захиалагчид ч хэрэгтэй байдаг.

    -Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Та хамт олондоо хандаж юу гэж хэлэх вэ?

     

    -Хамт олондоо би маш их баярлаж явдаг. Манай хамт олон бол бүгдийг нь бүтээнэ, бүгдийг нь чадна л гэж бодож ажлаа хийдэг. Заримдаа хамт олондоо өөрөөсөө ч илүү итгэдэг. Тэр олон толгой надаас сайн мэдэж байгаа шүү дээ. Би тэдний хажууд хөгширч байгаа хүн. Харин тэд нар нас залуу. Өсөх ирээдүйтэй сайхан залуучууд. Тийм учраас итгэл хүлээлгээд ажиллуулдаг даа.



     

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

    Б.Хүрэлбаатар: “Хүн дуртай юмаараа ажиллахад ядраад байдаггүй” | Tiim.mn